ОЛОН УЛСЫН УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛИЙН ЭРХЭМ ОЮУТАН ТАНАА

2020-11-19 14:00:00

ОУУБИС-ийг ирээдүйн хүсэл мөрөөдлөө биелүүлэх эхний шанг татах газар хэмээн сонгож   элсэн суралцаж байгаа эрхэм оюутан та бол манай сургуулийн хамгийн үнэ цэнэтэй гишүүн билээ.
Монгол Улс ковид-19 цар тахлыг дотооддоо алдсанаар бид 2020-2021 оны хичээлийн жилийн 1-р улирлын сургалтаа онлайнаар дуусгах магадлалтай боллоо. Иймд та бүхэн минь онлайн хичээлээ таслалгүй идэвхтэй оролцохын зэрэгцээ дараах асуудлуудад анхаарна уу.
Үүнд:
1. Орчин үеийн боловсролын системд гарч буй томоохон хувьсгал бол “Зайны сургалт” –ын технологи юм . Ковидоос шалтгаалан дэлхийн ихэнх улсуудын сургалт онлайн системд шилжээд байна. Энэ нөхцөлд хэн сайн сурах вэ? Өндөр “ИДЭВХТЭЙ”, “ХУРДТАЙ”, “ЭРЭЛ ХАЙГУУЛЧ” оюутан бүтээлчээр сурч чадна.
2. “БАГШЛАХУЙН” парадигмаас “СУРАЛЦАХУЙН” парадигмд шилжих үйл явц нэгэнт хэрэгжиж эхэлсэн. Та сурах үйл явцын санаачлагч, эрэл хийгч байх ёстой. Иймээс сурах зүйлээ өөрөө эрж хай, ол сур.
3. Мэдээллийн технологийн боломжийг ашиглах хэрэгтэй. Онлайн сургалтын системийг виртуаль байгууллага гэж үзвэл энэ орчинд ажиллах сахилга бат, дадал хэвшилтэй болж чадна. Ажилд орох үед байгууллагынхаа ямар ч мэдээллийн системийн орчинд хүндрэлгүй дасан зохицох суурь ойлголт, чадвартай болно. Мэдээллийн технологийн боломжуудыг интертеймэнт хэрэглээнээс илүүтэй амьдралд хэрэгцээтэй зүйлд буюу албан хэрэгцээнд хэрэглэх бодит дадлага болж өгнө.
4. Зарим үед онлайн сургалт сэтгэлд чинь хүрэхгүй байж магадгүй. Дэлхий нийтээрээ  шинээр гарч буй техник технологийн нээлт, шийдлүүдийг ашиглан урт хугацааны академик сургалтыг яаж орон зай, цаг хугацаа хамаарахгүй чанартай хүргэх талаар одоо л судлан  туршиж байгаа гэдгийг ойлгоорой.
5. Онцын шаардлагагүйгээр гэрээс бүү гар. Чанартай хоол хүнс идэж дархлаагаа дэмжин хичээлээ л хий. Корона вирусээс болж жилийн чөлөө авах гэх мэтээр сурах зорилгоосоо хэзээ ч бүү няцаарай.
6. Халдвараас сэргийлэх дэглэмийг сахиж, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгээрэй. Эрүүл мэндийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг сайтар дагаарай.
7. Бие нь өвдөж сэжигтэй тохиолдол илэрсэн үед яаралтай мэдээлэх харьяа өрх, дүүргийн Эрүүл мэндийн төвд хандаж зөвлөгөө аван шинжилгээ өгөхийн зэрэгцээ ангийн зөвлөх багшдаа мэдэгдээрэй.
8. Хэрэв зөөврийн ус хэрэглэдэг сууцанд амьдарч байгаа бол гарч орох бүрийдээ ариутгал сайн хийгээрэй.
9. Хөдөө орон нутгаас сурч байгаа оюутнууд минь гэрээс гаралгүй халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж байгаарай. БШУЯ-аас УОК-т та бүгдийг шинжилгээнд хамруулсны дараа гэрт тань буцаах хүсэлт албан бичгээр явсан байгаа. Жаахан тэсч байгаад хайртай бүхэндээ эрүүл очоорой.
10. Сургуулийн тань багш нар ямар нэгэн судалгаа бөглө, хичээлээ сонго, хаана байна гэх мэтээр хөөцөлдөж байгаа нь та бүхэнд санаа зовж, анхаарал тавьж байгаа нь тэр юм шүү. Багш нар, тэнхимтэйгээ байнгын холбоотой байгаарай.
Оюутнууд та бүхэндээ хайртай шүү.
Хүндэтгэсэн: ОУУБИС-ийн сургалтын албаны дарга доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ