Гэр бүлийн зөвлөгөө боловсролын онол, арга зүйн төв” байгуулагдлаа

2020-04-29 11:00:00

Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар хамтран “Гэр бүлийн зөвлөгөө боловсролын онол, арга зүйн төвийг” энэ оны 2-р сард байгуулсан билээ. Тус төвд   Социологи, Сэтгэл судлалын бакалаврын, Гэр бүл судлалын магистрын хөтөлбөрт суралцагч оюутнууд дадлага хийх ба мөн дүүргүүдийн Гэр бүл, Хүүхэд,  Залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтнууд мэргэжил арга зүйн ур чадвараа ахиулах юм. Уг төв нь ОУУБИС-ийн хичээлийн В-байрны 209 тоотод байрлаж байгаа бөгөөд  Монгол Улсын Гэр бүлд зөвлөгөө өгөх төвийн үйлчилгээний стандарт MNS6417:2013 дагуу олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм.

Монгол  улсын хэмжээнд 2010 онд 9349 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3054 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байсан бол 2018 онд 20120 хос гэрлэлтээ бүртгүүлж, 4201 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэхүү статистик дунджаас харахад жилд дунджаар гэрлэлт 16 хувиар, гэрлэлт цуцлалт 4.1 хувиар нэмэгдсэн байна.Гэр бүл салалтын хор уршиг гэр бүлийн бүх гишүүдэд тэр дундаас хүүхдэд хамгийн их нөлөөлж байна.

Нийгмийн хөгжлийг даган сэтгэл зүйн тулгамдсан асуудал нэмэгдэж байгааг амьдралаас харж болно. Манай улсад жил бүр 460-475 хүн амиа егүүтгэдэг гэсэн статистик тоо байгаа ба  ДЭМБ-ын статистик датагаар Монгол улсын амиа хорлолтын түвшин 100.000 хүн амд 28.1%-д хүрч уг үзүүлэлтээрээ дэлхийд 3-рт эрэмбэлэгдэж байна. Хар тамхины хэрэглээ, цахим тоглоомын донтолт, сэтгэл гутрал, стресс зэрэг сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд гэр бүлийн зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө чухал үүрэгтэй.

Гэр бүлийн амьдралын сөрөг асуудлыг бууруулахад дан ганц хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулах нь учир дутагдалтай тул гэр бүлийн зөвлөн туслах төвүүдийг байгуулж боловсон хүчнийг чадваржуулах, гэр бүлд зөвлөн туслах жишиг үйлчилгээг хөгжүүлэх нь нэн чухал байна.