Оюутан солилцооны хөтөлбөр

2020-04-29 10:23:00

Манай сургууль хөгжлийнхөө түүхэн үе буюу 25 жилийн хугацаанд оюутнуудаа тогтмол хамруулж ирсэн хөтөлбөр бол “Оюутан солилцооны хөтөлбөр” юм. 2018-2019, 2019-2020 оны хичээлийн жилийн байдлаар нийт 27 оюутан, БНСУ-ын Чонбуг, Сүгмён, Сүншил, Хуниг, Качон, Зам тээвэр болон Гадаад хэлний их сургуульд Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсан.

Сүүлийн жилүүдэд “2+2” хөтөлбөрийг сургууль маань амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. “Оюутан солилцоо” болон “2+2” хөтөлбөрт хамруулах оюутнуудын бүртгэлийг жил бүрийн 4, 10-р саруудад тогтмол бүртгэж, зөвлөгөө мэдээлэл, танилцуулгыг Оюутны алба хариуцан ажиллаж, Гадаад харилцааны албатай хамтран тогтмол зохион байгуулж байна.

Оюутан солилцооны хөтөлбөр нь 6 сараас нэг жилийн хугацаатай бөгөөд өнөөгийн байдлаар тус хөтөлбөрт хамрагдсан оюутнууд хугацаандаа амжилттай сайн суралцсаар байна. Харин “2+2” хөтөлбөрийн хувьд эхний хоёр жил монголд суралцах бөгөөд 3, 4-р курстээ БНСУ-ын “2+2” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сургуулиудад 2 жил суралцана. Өнөөдрийн байдлаар Хувцас дизайны мэргэжлээр суралцаж буй 3-р курсийн оюутан П.Хулан, Б.Хулан нар БНСУ-ын Чонбуг их сургуулийн 2+2 хөтөлбөрт хамрагдан амжилттай суралцаж байна.

Олон улсад “КОВИД-19” вирусийн тархалт их, улс орон бүр хорио цээрийн дэглэмтэй байгаа ч бид Оюутан солилцооны хөтөлбөрийг хойшлуулалгүй оюутнуудаа хамруулсан. 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд Маркетингийн 2-р курсийн Б.Гуамарал, Англи хэлний орчуулгын 3-р курсийн О.Энхдөлгөөн нар Сүгмён их сургуульд суралцаж байна.    

Оюутны алба