ОУУБИС-ийн оюутнуудад зориулав.

2020-03-28 12:35:00

БОЛОВСРОЛЫН ПАРАДИГМИЙН ШИЛЖИЛТ БА ОНЛАЙН СУРГАЛТ 
Өнөөдөр бидний үр хүүхэд олон зуун телевизийн суваг, рекламны самбаруудаас эхлээд iPhone, iPad, компьютер, Facebook, Twitter зэрэг сошиал сүлжээний нөлөөнд байж асар их мэдээллийн төвд амьдарч байна. Үүнийг эерэгээр ашиглаж, өнөө үеийн залуусын дэлгэцээс мэдлэг, мэдээлэл авдаг чадварыг дэлхийн олон оронд сургалттай холбож байна. Мэдээллийн технологийн боломжийг ашиглах, “БАГШЛАХУЙН” парадигмаас “СУРАЛЦАХУЙН” парадигмд шилжих үйл явц хэрэгжиж эхэлсэн ба үүний тод илрэл бол онлайн сургалт юм.
Дэлхий нийтийг хамарсан халдварт өвчин гарч хөл хорио тогтоосонтой холбоотой онлайн сургалтанд зайлшгүй байдлаар шилжээд байна. Залуус энэ шинэ орчин, нөхцөлд хурдан дасан зохицох нь чухал бөгөөд Монгол залууст энэхүү чадвар бий. Онлайн сургалт нь оюутныг маш өндөр “ИДЭВХТЭЙ” байхыг шаардана.
“ИДЭВХТЭЙ” байж чадвал хөл хорионы богино хугацаанд оюутан ямар чадвартай болж чадах вэ?

  • Онлайн сургалтын системийг виртуаль байгууллага гэж үзвэл энэ орчинд ажиллах сахилга бат, дадал хэвшилтэй болж чадна. Ажилд орох үед байгууллагынхаа ямар ч мэдээллийн системийн орчинд хүндрэлгүй дасан зохицох суурь ойлголт, чадвартай болно.
  • Мэдээллийн технологийн боломжуудыг интертеймэнт хэрэглээнээс илүүтэй амьдралд хэрэгцээтэй зүйлд буюу албан хэрэгцээнд хэрэглэх бодит дадлага болж өгнө.
  • Орчин цагийн залуус зөвхөн ганц биш хэд хэдэн шинжлэх ухааны суурь боловсролтой байх шаардлага тавигдах болсон үед цаашид онлайнаар суралцаж, хос мэргэжилтэй болох суурь болж өгнө.
  • Цаг алдаж улирлын болон жилийн чөлөө авахгүйгээр суралцах боломжтой.

“ИДЭВХТЭЙ” байна гэдгийг энгийн үгээр хэлбэл танхимын хичээлд суудаг хэмжээний биш ч гэсэн онлайн хичээлдээ цаг гарга, багшийн тавьсан хичээлийг тогтмол унш, сонс, үз. Дараа нь багшийн өгсөн жижиг даалгавар, тестийг хийж өөрийгөө сорь. Эдгээр зүйлсийг тодорхой цаг гаргаад хийж чадвал үр дүн заавал гарна, багш нар та бүхнийг үнэлэх болно.Та бүхэндээ амжилт хүсье. Монгол Улсын ирээдүй танаас эхэлнэ.Энэ цаг үеийг давуу тал болгож ашиглая, хичээе оюутнуудаа.

Сургалтын алба. 2020.03.28