Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан зургийн үзэсгэлэн Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль дээр гарав.

2020-03-25 15:35:00

Дипломат харилцаа тогтоосны дараа Монголын соёл урлагийн төлөөлөгчид БНСУ-д айлчлахад   хэлмэрчээр ажилласан Б.Сумьяабаатарын сонинд өгсөн ярилцлага.
Сурв. Таныг монголын солонгос судлалын загалмайлсан эцэг гэх юм. Солонгос судлалын талаар манай уншигчдад товч мэдээ өгнө үү?     
-.Монголын Солонгос судлал дундад зуунаас эхтэй. Тал бүрийн салбартай, мэргэжилдээ гаргууд эрдэмтэд олон байсан. Жишээлэхэд, солонгосын түүхийн алдааг олж мэдээд, Солонгосын Ванг ирэхэд нь асуухад, Ван ихэд ичингүйрхэж хэлэх үгээ олж ядахад, хажуугаас түшмэл нь “тэр тийм.
Манай түүхчдийн эндүүрэл” гэж хариулсан байдаг. Үүнийг солонгосын түүх нуусангүй, сурвалждаа тэмдэглэн үлдээсэн байдаг. Зураг буулгалаар толилуулбал:

Mонгол Солонгосын харилцаа нэлээн сүүмийж бүдгэрснээ 20-р зууны сүүлийн хагаст монголын солонгос судлал дахин сэргэсэн. Үүнтэй миний нэр холбоотой юм л даа.Жараад оны явдал. Ким Ир сений нэрэмжит Улсын Их Сургуулийг төгсөж ирээд, ШУА-ийн Хэлзохиолын Хүрээлэнд туслах ажилтнаар орсон цагаасаа “Солонгос”, “Солонгос судлал” гэж ярих болсон. Тэр үед чинь Таван жилийн төлөвлөгөөнд сэдэв нь орж ирэхгүй бол албан ёсны судалгаа хийх боломжгүй байлаа шүү дээ. Ямар сайндаа “юуны чинь солонгос судлал. Таван жилийн төлөвлөгөөт ажлаа дийлэхгүй байхад чинь” гэсэн үг сонсдож, буриад аялгуу судлах даалгавар аваад, өвөл 12 сард Хэнтий, Дорнод аймгийг зорьж байхав дээ. Гэхдээ, Буриад судлал надад их зүйл өгсөн. Ажлын бус цагаар солонгос судлалаа үргэлжлүүлэн, солонгос түүхийн сурвалжийг шүүн, монголын холбогдолтой зүйлийг нь түүвэрлэн орчуулж, “Дундад зууны монгол элч эмэгтэй”, “Солонгосоос бэх, бийр, бичгийн хэрэгсэл авч байсан нь”, “Төв Азиас Кори, Урианхай овгийнхон Солонгосын хойг руу нүүдэллэсэн “, “Монголын Гэсэрхан ба Солонгосын Көсырхан”, “Дундад зууны Монголоос Солонгост илгээсэн захидал харилцааны бичгүүд”  гэх зэрэг бэсрэг өгүүлэл бичиж сонин сэтгүүлд хэвлүүлсэн маань дэлхийн монголсудлаачдын нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн, урьд хожид дуулдаагүй сонин соргог зүйл болсноор Монголын Солонгос судлалын зам шулуудсан. ”13-14-р зууны Монгол Солонгос харилцааны бичгүүд”, “Монгол Солонгос туургатны угсаа гарал, хэлний холбооны асуудалд” зэрэг ганц сэдэвт зохиол хэвлэгдэж, Зөвлөлтийн дорнодахины судлаачид өндөр үнэлж, дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Одоо ч, монголын солонгос судлал хөл дээрээ бүрэн зогсож, дэлхийн монгол судлалын шинэ салбар болж чадлаа.
Сурв. Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Та, анхны соёл урлагийн төлөөлөгчдийн хэлмэрчээр ажилласан гэл үү, орчуулагч хэлмэрч хоёр ямар ялгаатай юм бэ? Таныг төр засгийн тэргүүн 6 эрхимд орчуулга хийж байсан ховор хүн гэж дуулдах юм.
- Дээр цагт ”Орчуулагч” гэдэг нь бичгийн талаа голлосон хүн. “Хэлмэрч” гэдэг нь яриаг шууд дамжуулагч. “Хэлмэрч” гэдэг үг дундад зууны солонгос хэлэнд орсон байдаг. Одоо ч аль алинд нь “орчуулагч”ийг нь хэрэглэх болоо шив дээ. Сонирхуулахад, манай өвөг дээдэс хэлмэрч нарыг ихэд эрхимлэж байсан тухай түүхэн тэмдэглэл солонгос сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хубилай Хааны Жуубичигт: Япон улсад илгээсэн миний элчисийг дагалдаж явсан солонгос хэлмэрч нар “маш том гавьяа байгуулсан тул, зэрэг дэвийг нь ахиул” гэсний дагуу жанжин болгож байсан байна. Эртний ямар улсын эзэн хаан, хэлмэрч нарыг ингэж чухалчилж байсныг дэлхийн түүхээс олоход бэрх. Би гэдэг хүн, залуудаа Ю.Цэдэнбал дарга, Ж.Самбуу дарга, ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ким Ир Сен \Ким Илсөн нарт хэлмэрчилж байсан нь үнэн.
- 1990 оны 3 сарын 26-нд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны дараа Монголын соёл урлаг, шашин номын төлөөлөгчид БНСУ-д айлчлал хийсэн. Гэхдээ энэ нь анхны айлчлал биш. Одоогоос 737 жилийн тэртээ буюу 1283 онд Юан улс \ Хөх Гүрэн \ын жүжигчид Солонгост очиж тоглож, Ван нь цалин цагаан мөнгөөр шагнаж байсан түүхэн баримт байдгийг толилуулбал:  

Энэ бол, манай орноор зогсохгүй, дэлхийн соёлын түүхэнд алтан хуудас болон тэмдэглэгдэх учиртай.
- 1990 оны 5 сард манай соёл урлаг, шашин номын төлөөлөгчид БНСУ-д айлчилахад тэргүүнээр нь Монгол Солонгосын Найрамдлын Нийгэмлэгийн дарга Гэрэл \ одоо генерал\, дэд даргаар нь Төрийн хошой шагналт, “Чингис Хаан” одонт хөгжмийн зохиолч Жанцанноров, бүрэлдэхүүнд нь ардын жүжигчин Сувд, 20-р зууны манлай уртын дуучин Норовбанзад, Гандандэгчилэн хийдийн Гаадан хамба , манай анхны мисс Биндэрьяа, хуурчид, хөөмийчид гээд шилдгүүд маань оролцсоныг гэрэлзургаар сонирхуулая :
 

ХЭЛМЭРЧ Б.СУМЬЯАБААТАРЫН ЗУРГИЙН ЦОМОГООС

 “ЧИНГИС ХААН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН”

ЭРХИЛЭН ГАРГАВ.

 2020.03.26