Чингис Хаан Судлалын Хүрээлэнгийн 1 жилийн ой

2020-01-28 14:00:00

    Олон Улсын Улаанбаатарын Их Сургуулийн дэргэдЧингис Хаан Судлалын Хүрээлэн байгуулсаар нэг жил болов. Чингис Хаан судлал дэлхийд их хөгжсөн гэдгийг харгалзан, “Чингис Хаан ба Дорно Өрнийн бичиг соёлын холбоо”, “Чингисийн алтан ургийн Угийн бичиг”, “Монголын Нууц Товчоо” гэсэн гурван салбарыг хамруулан брэнд судалгааныхаа чиглэлийг тогтоож, эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан зохиож ажилласан байна. 
Өнгөрсөн хугацаанд тус Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан нар 9 өгүүлэл бичиж нийтлүүлж, гурван бүтээл туурвиж дуусгасан байна, үүнд: Төрийн соёрхолт шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн профессор Ц.Шагдарсүрэн  “Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний Анхдугаар их хурал “ (60 жилийн ойд зориулав. 2019 он. 132 хуудас) хэвлэлд шилжүүлж;  Шинжлэх ухааны доктор профессор Б.Сумьяабаатар “Монголын Нууц Товчоо”(иж судалгаа, 1035 хуудас), түүхч судлаач П.Батчулуун “Монголын Нууц Товчоон ба Хаадын тууж нэгдүгээр ном“(Зэргэцүүлсэн судалгаа 195 хуудас) гэсэн бүтээлийг 2020 онд хэвлэхээр тус тус бэлэн болгожээ.
Мөн, телевизийн нэвтрүүлэгт оролцох, сонинд ярилцлага өгөх, багш судлаачдад зориулан лекц унших зэргээр сургууль, хүрээлэн, судалгааныхаа ажлыг олон түмэнд сурталчилсан байна.

 

Мэдээ бичсэн Б.Отгончимэг