ОУУБИС-ийн Аялал жуулчлалын менежментийн тэнхимийн оюутнууд “Танилцах өдөрлөг”-ийн хүрээнд Богд Хан уулын “Цэцээ гүн” оргилын ойр орчмыг цэвэрлэлээ

2019-10-22 09:00:00

Тус сургуулийн “Аялал жуулчлалын менежмент”-ийн тэнхимийн оюутнууд 1-р ангийн оюутнуудаа хүлээн авах, тэдэнтэй танилцах өдөрлөгийг 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Уг танилцах өдөрлөг нь аялал жуулчлалын менежмент мэргэжлээр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрэх, нэг мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд бие биетэйгээ танилцаж нэг хамт олон, нэг баг болох зорилготой бөгөөд зохион байгуулагч багшаар “Аялал жуулчлалын менежмент”-ийн тэнхимийн багш Б.Мөнгөнтуул, А.Мөнх-Эрдэнэ нар, зохион байгуулагч ангиар АЖМ-3 ангийн оюутнууд тус тус ажиллав. 

Энэ жилийн танилцах өдөрлөг нь Хан Хэнтийн ай савд багтдаг, дархан цаазат Богд Хан уулын ноён оргил буюудалайн түвшнээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн “Цэцээ Гүн”-ий ноён оргилд гарах явган аялалын хүрээнд зохион байгуулагдсан. Өдөрлөгийн хүрээнд оюутнууд хоорондоо танилцах, шинэ элсэгчдэд чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулсан төдийгүй, “Цэцээ гүн”-ий оргил орчмын болон явган аялагчдын зам дагуух хог хаягдлыг цэвэрлэн, хоггүй аялах сэдлийг аялагчдад уриалсанаараа онцлог байлаа.